САЙЧУУЛААСАА СУРАЛЦЛАА

    Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо /МЭМАҮЭХ/-ноос анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга тэргүүлэгчдээ хамруулан Улсын нэгдүгээр клиник, Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаа, сайн туршлагаа судлах ажлыг 11 сарын 11-нд зохион байгууллаа.

    Тус холбооноос 2016 онд “Хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд анхан шатны хороод түүний идэвхтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах боломж бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэргээр ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн анхан шатны хороодын ажил байдалтай танилцаж зөвлөн туслах зорилго бүхий удирдамжтай шалган туслах үзлэгийг хийж байгаа юм байна. Саяхан тус холбооноос 2015 онд үйл ажиллагаагаараа мэргэжил зүтгэл нэгтнүүдээ тэргүүлсэн 2015 оны шилдэг ҮЭ-ийн хороогоор шалгарсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооныхны ажлын арга барилаас харилцан туршлага солилцох семинар сургалтыг зохион байгууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны даргаар тус эмнэлгийн Дотоод шүүрэл, эмгэг судал, диабетийн төвийн эрхлэгч Д.Цэцгээ 2011 оноос ажиллаж байна. Тэрээр үйлчилгээний ажилтны хөдөлмөрийг үнэлэх, тэдэнд урам өгөх, хөдөлмөрийг нь бусдад ойлгуулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн захиргаанд санал тавьсанаар “Үйлчлэгч нарын талархлын өдөр”-ийг тэмдэглэх болсон. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажилтны ур чадвар, арга туршлагыг нэмэгдүүлэхэд ҮЭ-ийн оролцоог хангаж “Амилуулах суурь тусламжийг асрагч, үйлчлэгч” нарт сургах гэх мэт олон ажлыг тус ҮЭ-ийн хорооныхон санаачлан зохион байгуулжээ. Ийнхүү гишүүддээ хүрч улмаар уламжлал болгон хэрэгжүүлж буй ажлыг санаачилсан тухайгаа ҮЭ-ийн хороодын дарга нарт танилцуулав.

    Энэ үеэр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар цаг үеийн талаар мэдээлэл хийн “Тэтгэвэрт гархад нь олгодог 36 сарын тэтгэмж”-ийг эрх баригчид хасахаар завдсанч хамтын тэмцлийн үр дүнд хэвээр үлдээсэн. Салбарын удирдлагад гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, ирэх жилд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг байгуулах талаарх албан тоотын хариуг Эрүүл мэндийн сайд ирүүлсэн тухай мэдээлэв. Мөн ойрын өдрүүдэд анхан шатны хороодын ажил байдалтай танилцаж шалган туслах үзлэгийг хийж байгаа талаар ярилцлаа. Анхан шатны хороод хамтын хэлэлцээр, гэрээний хэрэгжилтийг хангах, салбарын ҮЭ-ийн холбооноос өгсөн ажлын чиглэлийг ажил хэрэг болгож байгаад бид талархаж байна гэв.

    Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан бие даан санаачилага гарган олон ажлыг зохион байгуулж байна. Цаашид бие биенээсээ суралцан хөгжих өргөн боломж бий болж байгааг онцлов. Энэ үеэр тус холбооноы сонгуультнуудаа чадавхижуулах бодлого, зорилтын хүрээнд Хөдөлмөр сонины сэтгүүлч менежер, багш арга зүйч Д.Энхтэгш “Илтгэх урлагийн онол практик” сэдвээр лекц уншлаа.